Миосин

Хүний биеийн эсийн дотор органойд буюу олон янзын жижигхэн эрхтэнцэрүүд байдаг. Тэдгээрийг хооронд нь холбох маягаар хэрэн байрлах актин (actin) хэмээх бүтэц бий. Актин дээгүүр дамжин эрхтэнцрүүдийн хооронд уургийг цуцалтгүй зөөж, эсийн, улмаар та бидний амьд байх нөхцөлийг нэр төртэйгээр хангагч нь миосин (myosin) юм. Миосин нь үнэн чанартаа хэдхэн молекулын хэлхээ төдий зүйл. Миосин уураг хэмээх ачааг эрхтэнцрүүдийн хоорондох актин гүүрээр дамжуулан хэрхэн зөөдөг бол гэсэн асуулт эрдэмтэдийн толгойд нэгэн өдөр харван орж иржээ.


Уураг зөөх миосины хөдөлгөөн роботын хөлийн алхалттай төстэй байна гэж нобелийн шагналт Эндрю Хаксли таамаглажээ. Түүний загвараар миосиний хөдөлгөөн алхагч машин техник шиг, эсвэл жагсаалын цэрэг шиг байж магадгүй гэсэн үг. Тэгтэл Янагида Тоши гэгч япон эр түүнд эргэлзэж байв. Анх техникийн чиглэлээр боловсрол эзэмшсэн ч мэргэжлээ ор тас орхиж, амьд биетийг судлахаар шийдсэн түүний хувьд амьд биет яагаад заавал машин техник шиг хөдлөх ёстой гэж гэсэн эргэлзээ төржээ. Алхагч молекулын төхөөрөмж гэгдэх болсон миосин нэгэн хэвийн хөдөлгөөнийг давтан хийдэг хэмээн төсөөлж байсан боловч бодит байдалд хэрхэн хөдлөж байгааг нь нүдээр үзсэн хүн нэг ч үгүй байв.

Гол саад нь хэтэрхий жижигхэн хэмжээтэй байсан явдал юм. Миосиныг ажиглахын тулд түүнийг агуулах актиныг амьд хэвээр нь тэжээлийн шингэнд байлгах хэрэгтэй. Мөн яаж ч оролдсон шингэн дэх хог болон усны хөдөлгөөн микроскопоор харахад саад болж байв. Янагида хойш тавиад байсан үндсэн мэргэжлээ ашиглаж, хөдлөж буй молекулыг харах микроскоп бүтээхээр шийджээ. Гэхдээ түүнд зорьсноо биелүүлэхэд 25 жил шаардагдсан байна. Бүхэн бүтэн нэг ширээг эзлэх микроскопын онцлог нь шүүлтүүрээр дамжуулан лазерийн гэрлийн өргөнийг маш нарийн тохируулдаг байдал юм.


Үүсгүүрээс гарсан гэрэл 5 шүүлтүүр дамжихдаа 20 микрометр болтлоо нарийсч, микроскопт илгээгдэнэ. Толинд ойсон маш бага хэмжээний уг гэрэл шилэн завсар байрлуулсан шингэнд хүрнэ. Янагида миосоны хөдөлгөөний хамгийн анхны амьд гэрч болов. Секундыг 30 хуваасны нэгтэй тэнцэх давтамжтайгаар 10 секунд хугацаанд авсан зурагт миосин 500 нанометр зам туулж байв. Түүний алхаа заримдаа том, заримдаа богино, заримдаа бүр буцаж алхаж байв. Нэг алхам хийгээд цуцсан мэт, эсвэл дараагийн алхамаа төлөвлөх мэт түр амсхийнэ. Нэг хөлөө гишгээд нөгөө хөлөө гишгэх зөв газраа эрж хайх мэт тээнэгэлзэнэ. Яг л тас харанхуйд тэмтчих согтуу хүн мэт, эсвэл хөлд орж буй хүүхдийнх мэт алхаа байв.


Гэхдээ эцсийн дүнд ямар ч байсан урагшилна. Үнэн чанартаа хүн шиг нүдгүй, техник шиг мэдрэгчгүй молекулын хэлхээ үүнээс өөр төгс алхалт хийх боломжгүй байв. Учир нь түүнийг ус, уургийн молекул зэрэг төрөл бүрийн саад тойрон хүрээлж, гишгэх зөв газраа сонгоход нь саад болж байдаг. Бас түүнд ямар хүчээр, хааш хөдлөхийг хэн ч зааж, тушаахгүй. Ийм нөхцөлд хамгийн сайн арга нь эрж хайж, турших арга байна. Хаксли өөрийнх нь таамаглал худал гэдгийг нотлосон Янагидагийн судалгааны үр дүнгийн талаар сонсоод "хүнд амьдралын нууцыг танин мэдэхээс илүү бахадмаар зүйл юу байх билээ" гэсэн байна.



эх сурвалж, NHK

2 сэтгэгдэл:

Гайхалтай. Тархин доторх мэдээлэл хэрхэн хадгалагддаг мөн хэрхэн ой санамжаа санах талаарх мэдээлэл иймэрхүү гоё бичлэгээс онлж уншвал мөн их сонирхолтой байна да

хариулах...

Эсийн үржил буюу хуваагдал бас их сонирхолтой шд. Ер нь эсийн түвшинд сонирхолтой зүйлс их болдог юм билээ. Бие даалтаар тэр талаар нэг жижигхээн видеорхуу юм хийж байсан.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх