АНУ-ын Вашингтон мужид амьдрах Саманто охин 3 настайдаа өмнөх амьдралынхаа тухай ярьж эхэлжээ. Тэр гэр бүлээрээ баярт оролцоод буцах замдаа аав нь нас барчихлаа хэмээн гэнэт орилсон байна. Түүний яригаар өмнөх амьдралд нь Манатида гэдэг байсан, мөн дүүтэй байсан гэх мэтчилэн ярьжээ. Бага насны хүүхдүүд өмнөх амьдралынхаа тухай ярих үзэгдлийг Виржина их сургуулийн сэтгэц судлаач эрдэмтэн Жим Такер судлаж байна. Тэрээр ийм үзэгдлийн 2500 гаруй тохиолдлын мэдээллийг дэлхийн олон орноос цуглуулж хэд хэдэн нийтлэг төрх байгааг илрүүлсэн байна. Ихэнх нь бага насандаа буюу 3 настайгаас ярьж эхлэн 6-7 насны үед ярихаа больдог. Тэгвэл Корнелийн их сургуулийн сэтгэц судлаач Стивен Сэси уг үзэгдлийг хүүхдийн ой санамжийн механизмаар тайлбарлаж байна. Тэрээр хүүхдийн ой санамжид хамаарах сонирхолтой туршилт хийж байна. Туршилтын хүрээнд тухайн хүүхдэд тохиолдоогүй явдлын тухай асууна. Эхний үед мэдээж өөрт тохиолдоогүй зүйлийг эсэргүүцнэ. Харин дахин дахин асуух үед хариулт өөрчлөгдөж, эцэст нь өөрт тохиолдсон мэт ярьж эхэлдэг. Хүүхэд төрснөөс хойших 2 жилийн хугацаанд тодорхой ой санамжгүй үе (childhood amnesia)-ийг туулдаг. Ойролцоогоор 2 жилийн дараагаас бага багаар ой дурсамж бүрэлдэж эхлэнэ. Энэ үед яг адил зүйлийг давтан сонсгоход өөрт тохиолдсон мэтээр тогтоодог. Эцэг эхчүүд хүүхэддээ ямар түүх ярьж өгснөө ихэнхдээ мартдагаас өөрсдөөс нь сонссон түүхийг эргээд ярихад гайхах нь олон. Мөн телевизор зэргээс авсан мэдээллүүд өөрт нь тохиосон мэтээр дурсамжид нь хадгалагддаг.
Бага насны хүүхдийн өмнөх амьдралын тухай ярих үзэгдлийн дийлэнх тохиолдолд хүүхдийн энэхүү онцлог (хуурмаг) ой дурсамжаар бүрэн тайлбарлагдаж байна. Гэвч хуурмаг ой дурсамжаар тайлбарлаж үл болох тохиолдол цөөнгүй бий. Оклахама мужид амьдрах Райан хүү 8 нас хүртлээ өмнөх амьдралынхаа тухай ярьжээ. Анх ярьж эхлэхэд хүүхдийн гэнэн яриа биз хэмээн ээж нь тоогоогүй боловч зарим үед шөнө орой болтол давтан ярьж өмнөх гэртээ харимаар байна хэмээн уйлж гуйх болжээ. Санаа зовсон ээжийнх нь үгээр аав нь хүүгийхээ яриаг нэг бүрчлэн тэмдэглэх болсон байна. Хүүгий яриагаар бол өмнөх амьдралдаа Нью-Йоркт бүжиглэдэг байсан, Холливудад байсан, өөрийн гэсэн офис эрхэлдэг байсан гэжээ. Нэгэн удаа холливудын тухай ном уншиж байсан хүү би өөрийгөө олчихлоо гэсэн байна. Номонд хар цагаан киноны туслах дүрийн жүжигчний зураг байв. Хүүгийн ээж учрыг олохоор профессор Такерт ханджээ. Такер хагас жилийн дараа холливудын номын сангаас 1964 онд нас барсан Марти Мартин хэмээх нэрд гараагүй жүжигчний тухай баримтыг олж, Райан хүүгээс түрүүлэн төрөл садантай нь уулсан байна. Хүүгийн ярьсан 68 зүйлийн 54 нь жүжигчний амьдралтай яв цав таарчээ. Хүүхдийн хуурмаг ой дурсамжаар тайлбарлаж үл чадах иймэрхүү тохиолдолд дэлхий даяар 44 бүртгэгдээд байна.
|
Райан хүү |
Вашингтоны их сургуулийн анагаах ухааны сургуулийн тархи мэдрэл судлаач Риана Стандиш хүний тархины хооронд телепортацийн адил холбоос байгаа эсэхийг шинжлэх ухааны аргачлалаар судлаж байна. Тэрээр туршилтад гэр бүлийн болон дотно найз хүмүүсийг хамруулж, хос оролцогчийн нэгт харанхуй өрөөнд байрлах дэлгэц дээр анивчих цэгүүдийг тодорхой давтамжтайгаар харуулах замаар тархинд нь хүчтэй цочрол өгөв. Хосын нөгөө нэгний тархины идэвхжлийг fMRI төхөөрөмжөөр бүртгэнэ. Туршилтын үед хос хоёр нэгнийхээ тухай бодож байхыг зөвлөжээ. Төхөөрөмжид байгаа хосын нэг нөгөөд нь яг хэдийд дүрслэл үзүүлж байгааг мэдэхгүй. Сонирхолтой нь туршилтын үед хосын нэгт дүрслэл үзүүлэх тохиолдолд бүрт нөгөөгийнх нь тархины идэвхжил буурч байв. Үүнд төхөөрөмжид байрлаж, дүрслэл үзээгүй тул харааны ямар нэгэн мэдээлэл авах боломжгүй ч оролцогчийн тархины харааны мэдрэлийн хэсэгт өөрчлөлт гарчээ. Ажиглагдсан үзэгдэл тохиолдлын чанартай байж болох учир оролцогчдыг сольж туршилтыг давтан явуулахад адил үр дүн гарав. Туршилтыг өөр 4 хост давтан явуулахад мөн адил үр дүн гарчээ. Хосын нэгт дүрслэл үзүүлж, тархины харааны мэдрэлийн хэсэгт цочрол үүсгэхэд нөгөөгийнх нь тархины адил хэсэгт идэвхжил өөрчлөгдөж байв. Мөн тархины идэвжхил буурах хугацаа дүрслэл үзүүлэх давтамжтай таарч байв. Судалгаа дөнгөж эхлэлийн шатанд байгаа боловч хүмүүсийн тархины хооронд мэдээлэл дамжуулах ямар нэгэн хэлбэр байж магадгүйг харуулав.
|
босоо тэнхлэг - тархины идэвхжил, хэвтээ тэнхлэг - хугацаа (минут),
муруй шугам - нэг оролцогчийн тархины идэвхжил, босоо багана - нөгөө оролцогчид дүрслэл үзүүлсэн хугацаа |
Шинжлэх ухааны олон төрлийн судалгаанд ашиглагдах санамсаргүй тоо үүсгэгч (СТҮ) хэмээх төхөөрөмж бий. Энэ нь эгэл бөөмийн зарчимд тулгуурлан 1 болон 0 хэмээх тоог санамсаргүй байдлаар үүсгэх электрон төхөөрөмж бөгөөд 1 ба 0 үүсгэх магадлал 50, 50% байхаар тун нарийн тохируулагдсан. Түүний хэлхээнд эгэл бөөмийн хөдөлгөөнийг саатуулах хана мэт зүйл бий. Бөөм ханыг зарим үед нэвтлэн 1, зарим үед мөргөн буцаж ойсноор 0 дохиолол өгөгдөнө. Мөн электрон хэлхээг цахилгаан соронзон долгионоос тусгаарлах материалаар бүрсэн тул гадна орчны ямар нэгэн нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан байна. Гэвч энэхүү нарийн төхөөрөмжид хүний бодол санаа нөлөөлсөн байж болох тухай мэдээлэл 9 сарын 11-ний халдлага буюу Нью-Йоркийн худалдааны төвийн хоёр цамхаг дэлбэрсний дараа тархжээ. Дэлбэрэлтийн үед төхөөрөмжийн үүсгэсэн санамсаргүй тоонд их хэмжээний хэвийлт ажиглагдаж, дэлхий даяар байрлах адил төрлийн 40 төхөөрөмжид мөн адил үзэгдэл ажиглагдсан байв. Өгөгдлөөс үзвэл дэлбэрэлт болох хүртэл хэвийлт тогтмол байсан бол эхний онгоц дэлбэрсэн 8 цаг 46 минутаас эхлэн хэвийлт нэг тал руугаа огцом хазайжээ. Үүнийг зарим эрдэмтэд хүний бодол санаа электрон төхөөрөмжид нөлөөлсөн гэж үзсэн бол зарим нь гар утас болон телевизорийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой долгионоос үүдэлтэй хэмээн таамагласан байна.
|
босоо тэнхлэг - хэвийлт, хэвтээ тэнхлэг - өдөр,
хэвтээ цайвар шугам - ердийн үеийн хэвийлтийн дундаж утга |
Тэгвэл судлаач Дийн Радин долгион үл хүрэх газар жил бүр зохион байгуулагдах үйл явдлын үед хүний бодол санаа СТҮ-д нөлөөлөх эсэхийг судлахаар шийджээ. Невада мужын цөлд 28 дахь удаагийн "шатаж буй хүн" (burning man) наадамд оролцохоор 70 мянган хүн цугласан байна. Аварга хүн дүрсийг шатаах талбайн эргэн тойронд 6 ш СТҮ-г байрлуулжээ. Аварга хүн дүрсийн гар аажим өргөгдөж, удалгүй бүх бие нь галаар бүрхэгдэх наадмын оргил үе ирэхэд баярлаж хөөрсөн 70 мянган хүний анхаарал нэгэн цэгт төвлөрчээ. 6 төхөөрөмжийн өгөгдлийг нэгтгэн дүгнэж үзвэл наадмын өмнөх өдөр онцын өөрчлөлт гараагүй байна. Харин хүн дүрсийг шатааж эхлэх оройн 9 цагаас эхлэн хэвийлт огцом нэмэгдсэн байв. Ердийн нөхцөлд ийм хэвийлт санамсаргүй байдлаар үүсэх магадлал 2 сая 300 мянгад нэг буюу бараг магадлал үгүйтэй адил бөгөөд цаг хугацааны хувьд наадмын оргил үетэй давхцаж байв. Гадны ямар нэгэн нөлөөнд авталгүй зөвхөн бөөмийн хөдөлгөөний чиглэлээр удирдагдах СТҮ-д хүний бодол санаа нөлөөлж байна хэмээх таамаглал эрдэмтэдийн анхаарлыг татаж эхэлж байна. Хүний тархи хоорондын мэдээлэл дамжих буюу адилсахтай төстэй үзэгдлийг орчин үеийн шинжлэх ухааны туршилтаар нотлоод байна. Энэ нь квантын орооцолдоон юм. Хүний бодол санаа эгэл бөөмийн зарчмаар ажиллах төхөөрөмжид нөлөөлж байгаа мэт үзэгдэл нь зарим талаар эгэл бөөмсийн хоорондын харилцан үйлчлэл буюу
квант механикийн онолоор тайлбарлах боломжийг харуулна. Юутай ч ийм төрлийн судалгаа тайлах ёстой нууцыг өөр өнцгөөс харах боломжийг нээж, шинжлэх ухааныг урагшлуулахад дөхөм болж байна.
|
босоо тэнхлэг - хэвийлтийн зэрэг, хэвтээ тэнхлэг - хугацаа,
шар муруй - өмнөх өдрийн хэмжилт, улаан муруй - наадмын өдрийн хэмжилт |
эх сурвалж; NHK
Физик,
Физиологи
4 сэтгэгдэл:
шинэ нийтлэл хүлээж байлаа. баярлалаа :))
их сонирхолтой мэдээлэл байна баярлалаа
Ээж охин 2 г маш хол газар байрлуулаад охинд давтамжтай өвдөлт мэдрүүлэх үед ээж нь тохиол бүрийг шууд мэдэрч байсан тухай уншиж байснаа саналаа.
I Origins geed sonirholtoi kino sanaand orloo.
http://www.imdb.com/title/tt2884206/
Сэтгэгдэл үлдээх